Энэ нь 40-өөс дээш насны бүсгүйчүүдийн санааг ихээхэн чилээдэг бөгөөд тэр бүр бусадтай хуваалцаж, тусламж авч чаддаггүй эмзэг асуудал юм. Үтрээ орчмын арьс ба эд нь умайн хүзүүнд байрлах булчирхайнуудаас ялгарах шингэн болон салсаар тэжээгдэн, чийглэгдэж байдаг.
Эстроген (эмэгтэй даавар) эдгээр булчирхайнуудын шүүрэлд нөлөөлдөг. Эстроген нь мөн үтрээ орчмын болон үтрээний ханыг бүрхсэн салстад нөлөөлснөөр энэ нь улам зузаан, улам уян болгодог. Эстроген нь үтрээний салстын эсүүдийн гликоген үйлдвэрлэлтийг эрчимжүүлдэг. Уг гликогений нөлөөгөөр үтрээнд хэвийн бичил биетийн тоо ихсэж үтрээг халдвараас хамгаалж байдаг байна.
Цэвэршилтийн үе дөхөх болон цэвэршилтийн дараахи үед өндгөвчний эстроген даавар боловсруулалт эрс багасдаг. Эстрогений дутагдлаас үтрээний салст бүрхүүл нимгэрч салс ялгаруулдаг булчирхайнуудын тоо цөөрдөг. Мөн бэлэг эрхтэний ойролцоох өөхлөг эдүүд алдагдана. Ингэснээр залуу үе болон цэвэршилтийн өмнөх үеийн гадна бэлэг эрхтэн, үтрээний чангарал өөрчлөгдөж үртээ богиносч, уян чанараа алддаг. Салсын хэмжээ багассанаас үтрээ ихээр хуурайших шалтгаан болдог. Эмчийн үзлэгээр бэлэг эрхтний өнгө илүү цайвар харагдана. Эмэгтэй хүн бүрт эдгээр өөрчлөлтүүд нь цэвэршилтийн өмнө хэдэн сар юмуу жилийн дотор аажим аажимаар янз бүрээр тохиолддог. Цэвэршилтийн улмаас эмэгтэй бэлэг эрхтний өөрчлөлт дээр үрэвсэл нэмэгдэж хүндрэл өгдөг эмгэгийг үтрээний үрэвслийн хатингаршилт гэнэ.
Та үүнийг мэдэх үү?
l Шээс-бэлгийн замын асуудлууд нь цэвэршилтийн насанд хамгийн элбэг тохиолддог
l Цэвэршилтээс хойших үеийн эмэгтэйчүүдийн 40-с дээш хувьд нь цэвэршилтийн үедээ үтрээний хуурайшил (хатингаршилт үтрээний үрэвсэл) илэрсэн байдаг
l Шинж тэмдэг илэрсэн нийт эмэгтэйчүүдийн зөвхөн 20-25% нь л эмнэлэгт ханддаг
l Ихэнх эмэгтэйчүүдэд сарын тэмдэг хаагдсаны дараах үеэс давсаг сулралын шинж тэмдэг ямар нэг хэмжээгээр илэрдэг
l 60-с дээш насны хүмүүсийн 50% нь бэлгийн харьцаанд орох чадвартай байдаг
Цэвэршилтийн дараа олон эмэгтэйчүүдэд үтрээ хуурайших, давсаг сулрах зэрэг шээс-бэлгийн замын зовиуруудтай тулгардаг.
Үтрээний хатингаршилын улмаас бэлгийн харьцаа эмзэглэлтэй болж эмэгтэйчүүдийн бэлгийн харьцааны дуршил буурах шалтгаан болдог. Нэмж хэлэхэд, эрүүл бэлгийн үйл ажиллагаа нь үтрээний хамт шээс ялгаруулах эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаанаас мөн адилхан хамаарна.
Ямар шинж тэмдгүүд илэрч болох вэ?
Өндгөвчнөөс нийлэгжин гардаг эстрогенгүйгээр гадна бэлэг эрхтэн (бэлгийн уруул) болон үтрээний салстын тулгуур эдүүд нимгэрч уян бус болдог. Энэ нь яах ч аргагүй цэвэршилтийн үр дагавар болдог. Үтрээний хуурайшил бол хамгийн нийтлэг тохиолддог шинэ хэмээн тогтоогдсон. Үүний учир нь салс ялгаруулж байдаг үтрээний үйл ажиллагааны бууралттай холбоотой.
Илрэх шинж тэмдэг:
l Бэлгийн харьцаа зовиуртай болох. Энэ нь цэвэршилтийн өмнөх үетэй харьцуулахад үтрээ нь жижиг, хуурай мөн бэлгийн харьцааны үед салсаар тослогдох чадвар нь буурсантай холбоотой байдаг. Мөн үтрээний эд бэлгийн харьцааны дараа маш эмзэглэлтэй болж асуудлыг улам хүндрүүлнэ.
l Бэлгийн харьцаа таагүй болох нь бэлгийн уруул болон үтрээ халдварлаж хавагнаснаас шалтгаална.
l Үтрээний ялгарал. Үтрээний ялгарал ихсэж цагаан эсвэл шар өнгөтэй болдог. Цэвэршилтийн дараах үед үтрээ халдварт илүү өртөмтгий болдог учраас халдварын гаралтай байх нь илүү өндөр байдаг.
l Загатнах. Бэлэг эрхтэн улайж, үтрээ загатнадаг болох. Загатнахад маажиж ихээр үрсний улмаас бэлгийн уруул үтрээний салстын үрэвсэл улам хүндэрч цаашид загатнахыг улам тэвчишгүй болгодог. Ингэснээр сэтгэлийн дарамтанд оруулах хандлагатай болгодог.
l Шээс ялгаруулалтын хүндрэл. Хатингаршилт үтрээний үрэвсэл нь шээс ялгаруулах замын үйл ажиллагааны хямралыг нөхцөлдүүлдэг. Давсагны амсар болон шээсний сүв орчмын эдийн нимгэрэл, тэдгээрийн үйл ажиллагааг хянадаг аарцагны булчингуудын сулралаас шээс задгайрах, ойр ойрхон шээх түүнчлэн сэдрэлтэт шээс ялгаруулах замын халдвар зэрэг шинжүүд илэрнэ.
Үтрээний хатингаршлын эмчилгээ
Дээр дурьдсан бүх шинж тэмдгүүд эмэгтэйчүүдэд заавал илрээд байдаггүй. Аль шинж нь тухайн эмэгтэйд илүү зонхилж, илүү зовиур өгч байгаагаас хамаарч эмчилгээг сонгоно. Ихэвчлэн эстроген даавар дутагдсанаас болж эдгээр шинжүүд илэрдэг учраас эдэд нь эстроген нөхөх л гол эмчилгээний арга юм.
Даавар эмчилгээ
Олон улсын жишгээр эстроген агуулсан хэсгийн эмчилгээг үрэл, гель, суулгац, наалт хэлбэрээр дааврыг нөхөж өгдөг байна. Даавар нөхөх эмчилгээг уухаар хэрэглэх үед болзошгүй хавсарсан эмгэгээс хамгаалж зөвхөн үтрээний эдгээр шинж тэмдэг илэрсэн үед дээр дурьдсан хэсгийн эмчилгээ хамгийн тохиромжтой. Дааврын хэсгийн эмчилгээ хийхэд бэлгийн харьцааны үеийн зовиур багасан, үтрээний PH (хүчил шүүлтийн тэнцвэр) тэнцвэржин, үтрээний үрэвслийн эмчилгээнд үр дүнтэй болж үтрээний ялгарал багасах үр дүнтэй эмчилгээ болдог. Этрогений гель, үрэл, тос зэрэг нь бүх биеэр эстроген дааврыг тараалгүйгээр үтрээний эдэд эстрогенийг нөөцлөх боломжийг олгоно. Тос болон үрлийг хэрэглэхдээ зааж өгсөн хэмжээгээр хэрэглэх нь чухал юм. Харин үтрээний шинж тэмдгээс гадна халуу оргих, даралт ихсэх, нойргүйдэх зэрэг бусад эрхтэн тогтолцоо хамарсан цэвэршилтийн шинж тэмдэг илэрч байвал даавар нөхөх эмчилгээг уухаар харин системийн эмчилгээг эмчийн заавраар тунг нь тохируулан хэрэглэх шаардлагатай.
Үтрээний чийгшүүлэгч гель болон түрхлэгүүд
Зөвхөн үтрээний хуурайшил илэрч байгаа эсвэл өөр шалтгаануудаас болж даавар эмчилгээ хэрэглэх шаардлагагүй үед чийгшүүлэгч бүхий гелийг санал болгодог. Үтрээний төрөлхийн шингэнийг орлогч үтрээний хуурайшилтанд зориулсан олон төрлийн гель байдаг. (жишээ нь: ReplensR).
Бусад туслах эмчилгээний аргын сонголтууд:
l Савангаар угаахаас зайлсхийх
l Үтрээний эсийн шинжилгээний хариун дээр үндэслэж мэргэжлийн эмчийн зөвлөмжөөр үрэвсэл болон тайвшруулах үйлчилгээтэй бусад тосон түрхлэг хэрэглэх
l Үтрээний үрэвсэл удаан хугацаагаар хүндээр илэрвэл антибиотик эмчилгээ хийх. (үрэвсэл өдөөгч нянгий нь тодорхойлсны дараа). Антибиотик эмчилгээ нь богино хугацаагаар уух болон хэсгийн тосон түрхлэг хэлбэрээр давхар эмчилнэ. Эмчилгээг давтан хийх шаардлага гарч болно.
Аарцгийн доод булчингийн сулралын улмаас бага аарцгийн эрхтэнүүдийн байршил өөрчлөгдөх
Цэвэршилтийн дараа үед зарим эмэгтэйчүүдэд үтрээний хана руу хажуугийн эрхтнүүд түрж орж ирэх болон умайн амсар доошилж нүүж орж ирэх мэдрэмж төрдөг. Зарим тохиолдолд ерөнхийд нь аарцгийн хөндийгөөс доош дарж эсвэл татаж чангаасан мэдрэмж төрдөг. Цэвэршсэн эмэгтэйчүүдийн хагаст нь умайн урд хананы сулрал 1/4-т нь умайн хойд хананы сулрал болон 15 хүн тутмын нэгд нь умайн дээд хананы сулрал тус тус илэрдэг байна. Аарцгын доод хананы булчин ба холбооснууд нь хэвийн үед умай, давсаг болон бусад эрхтнүүдийг зөв байрлалд нь хадгалж өгдөг байна. харин тэдгээрийн бүтцэнд байдаг коллаген нь эстроген дааврын дутагдлаас болж бат бэх чанараа алдаж, бага аарцгын эрхтнүүдийг тулгуур холбоос суларсны улмаас умай, давсаг болон зэргэлдээ эрхтнүүд үтрээ рүү түрж орж ирдэг. Бэлгийн уруулын коллагены өөрчлөлт нь хэлүүний хамгаалагч бүрхүүлдд нөлөөлснөөр хэлүү бага үрэлтэнд амархан гэмтэж хавагнах тохиолдол элбэг байна. үтрээний хэлүүний үрэвсэл эмчилгээнд үр дүн бага авдаг ба арьсны дерматоз хэмээх эмгэгт шилжин нэмэгдэл эмчилгээ хийх шаардлагатай болдог байна. Ихэнх эмэгтэйчүүд шээс бэлгийн замын зовиур болон асуудлаасаа санаа зовж тусламж эрдэггүй буюу эмчид ханддаггүй. Энэ асуудлаа та нэн даруй нарийн мэргэжлийн эсвэл итгэсэн найзтайгаа хуваалцахгүй бол таны нандин гэр бүлийн харьцаанд харамсалтай сэв суух вий.
mmas.mn хуудаснаас
Comments